Банкны системийн хэмжээгээр 8 гаруй их наяд төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд жилийн дундаж хүүг 13% гэж үзвэл ойролцоогоор 1 их наяд төгрөгийн хүү жил бүр олгогдоно. Өөрөөр хэлбэл банкны хадгаламж эзэмшигчид жил бүр 1 их наяд буюу 500 сая ам. долларын цэвэр ашгийг ЖИЛ БҮР авна. Хуулийн дагуу 10% татвар төлнө гэвэл төсөвт жил бүр 100 тэрбум төгрөг төлөгдөж байх учиртай. Гэтэл бодит байдал дээр ердөө 1 тэрбум төгрөг хүрэхгүй татвар л улсад төлөгддөг гэнэ. Зөрүү болох 99 тэрбум төгрөгийн татвар нь \”370 хоногийн хадгаламж\” гэх хуулийн цоорхойгоор урсаад гардаг аж.
Татваргүй учраас банкууд том харилцагч нараа алдахгүйн тулд хадгаламжийн хүүг дээш нь өсгөж уралддаг. Хадгаламжийн хүү өндөр учраас зээлийн хүү өндөр болдог. Гэтэл үүний гол ачаа дарамтыг банкууд ч үүрдэггүй, хадгаламж эзэмшигч нар ч үүрдэггүй. Зээлийн хүүгийн дааж давшгүй сүлжээнд баригдсан аж ахуйн нэгжүүд үүрдэг юм.
Банкууд хэцүүдлээ, тэдний чанаргүй зээл 1 их наяд төгрөг хүрлээ, одоо банкуудаа аваръя гэх хэрнээ хэн ч аж ахуйн нэгжүүд цаана нь 1 их наяд төгрөгийн зээлээ төлж чадахгүй байгааг ярьдаггүй. Үүний цаана аж ахуйн нэгжүүдийн 3 их наяд төгрөгийн барьцаа хөрөнгө хураагдах дээрээ хүрээд байгааг ярьдаггүй. Саяхан банкууд дундаасаа активийн удирдлагын компани байгууллаа гэсэн. Чанаргүй зээлүүдээ хямдруулаад зарна гэсэн байх, тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн зээлийг барьцаа хөрөнгөтэй нь хамт гуравдагч этгээдэд шилжүүлнэ. Аж ахуйн нэгжүүдийн дарамт улам л нэмэгдэнэ.
Хуулийн цоорхой гэж ийм хор уршигтай, хэсэг нөхөд ашиг хийж нийт нь алддаг юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнийг засах гэж оролдсон, эхний удаа бүтэлгүйтсэн. Цаашид хэрхэн өрнөх бол?!!