Эх орондоо ирэхийн тулд авлига өгч байна гэсэн мэдээлэл гараад удаж байна. Энэ асуудалд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр “Иргэдийг татан авах ажлыг амаргүй нөхцөлд явуулж байна. Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орны хил хаалттай, чөлөөтэй нэвтэрч байгаа улс орон алга… Жишээлбэл, АНУ, Австрали руу манай улс олон улсын нислэгийн гэрээ байхгүй. Тиймээс бид сар бүхэн тодорхой зөвшөөрөл авч нислэг хийж байна. Өнөөдрийн байдлаар 12000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-т өгсөн байгаа. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх байх.
Хэчнээн иргэдээ татан авах тоог нэмэгдүүлж байгаа ч хүсэлт өгсөн иргэдийн тоо буурахгүй байгаа. Харин таван шалтгаантай буюу өвчтэй, жирэмсэн, өндөр настай иргэдийн тоо буурч байна. Намайг ажил авахад 8000 гаруй хүний өргөдөл байсан. Одоо бол 5000 болж буурсан…
Манай Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүн байна. Найман байгууллагын албан хаагчид салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяагийн газрын үсэгтэй бичиг очсон, шалгуулж байгаа. Өөрсдөө ч хүсэлт өгөөд хүчний байгууллагаар шалгуулж байгаа… Иргэдээс бол өдөрт 10,20 гомдол ирдэг. Гэсэн ч шалгаад тогтоогдоогүй. Харин хүний нэр бариад гурав, таван сая төгрөг авчихсан хэрэг гарсан. Яг ажил хариуцаад явж байгаа хүмүүс ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл тогтоогдохгүй байгаа. Дипломат газруудад асуудал байна гэж бас яриад байгаа. Түүн дээр мөн хууль хүчний байгууллага ажиллаж байна.
Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдээ гаднаас татан авах асуудал дээр төрийн албан хаагчдын хөрөнгө мөнгө, авлигатай холбоотой асуудал байгаа бол УОК-т хандаарай. Бид өргөдөл гомдлыг тэр дор нь шийдвэрлэж, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж байгаа” гэх тайлбарыг өглөө.