УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн өндөр албан тушаалтны халбаны авилгал, хээл хахуулийг таслан зогсоох чиглэлээр ямар зохицуулалт орж ирж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулав. Төрд ажиллаж байгаа хүн өөрийн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсад тушаадаг Сингапурын туршлагыг нэвтгрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа гэв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авилгалтай холбоотой асуудлаар сайн засаглал хэсгийн гуравдугаар бүлэг дээр тусгагдсан. Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан тухайн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгодог Сингапурын эрх зүйн орчныг оруулж ирэхээр тусгагдаад явж байгаа. Үүнээс гадна сонгуульд бүртгэлгүй мөнгө хандивлах нь авилгалын хэрэг болгож шалгагдах зэрэг эрх зүйн том шинэчлэлт тусгагдаад явж байгаа. Улс төрийн намын санхүүжилтын асуудлыг ил тод болгох нь дээд шатны авилгалын асуудал шийдэгдэх үндсэн зарчим гэж үзэж байгаа” гэв.