БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн зарим туслахууд болон тэр дундаа Ким Ёо Жон дүүдээ улам их эрх мэдэл олгож байгаа хэмээн БНСУ-ын тагнуулын агентлаг мэдээллээ.
Ким Жон Ун бүрэн эрхтэй удирдагч хэвээрээ ч хэт их ачааллаа хөнгөлөхийн тулд зарим эрх мэдлээ бусдад шилжүүлж байгаа аж. Улмаар Ким Ёо Жон төрийн ажлыг гардан удирдаж байж магадгүй хэмээн БНСУ-ын тагнуулын агентлаг үзжээ.
Гэхдээ БНСУ-ын тагнуулын агентлаг өмнө нь Умард Солонгосын талаар ташаа мэдээлэл гаргаж байсан удаатай. Энэ удаагийн дээрх мэдээлэл өчигдөр (2020.08.20) БНСУ-ын Үндэсний ассемблейд хаалттай хаалганы цаана яригдсан бөгөөд хуралдааны дараа хууль тогтоогчид сэтгүүлч нарт бага зэрэг мэдээлэл өгсөн байна.
Хууль тогтоогчдын мэдээлснээр тагнуулын агентлаг Ким Жон Ун суудалдаа хэвээр байгаа ч эрх мэдлээ бага багаар дүүдээ шилжүүлсээр байгааг онцолжээ.
Албан ёсоор мэдэгдэж байгаачлан Ким Ёо Жон өдгөө Пёньяны АНУ, БНСУ-тай харилцах харилцаа болон бусад улс төрийн чухал хэргүүдийг хариуцан ажиллаж, БНАСАУ-ын хоёр дахь хамгийн өндөр эрх мэдэлтэй хүн болсон билээ. Гэвч Ким Жон Ун түүнийг албан ёсоор залгамжлагчаа болгон сонгоогүй байгаа юм.
Эх сурвалж: BBC