Өлзийбат Амаржаргал гэх хүний фейсбүүк хуудаснаа нийтэлсэн постыг ашиглан “Төрийн банк зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад бага хүүтэй цалингийн зээл олгоно гэв” гэх гарчигтай нийтлэлийг бичсэн.
Тухайн иргэн нь Эрдэнэт хотын Төрийн банканд олон жил ажиллаж буй хүн болохын өөрийнх нь фейсбүүк хуудаснаас олж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ хүний мэдээлэл баталгаатай эх сурвалж гэж үзэн Төрийн банк яагаад ганц Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад бага хүүтэй цалингийн зээл санал болгож бусдаас давуу эрх олгож байна вэ гэх асуудлаар шүүмжилж, асуудал хөндөж бичсэн юм. Өмнөх нийтлэлийг энд дарж унших боломжтой.
Өнөөдөр Монгол Улсад иргэдийн аж амьдралд тулгамдаж буй асуудлуудын нэг бол зээлийн хүү. Зээлгүй иргэн гэж бараг байхгүй биз. Тэгэхээр зээлийн хүү гэдэг бол иргэн бүрийн асуудал. Тиймээс ч төрийн түвшинд зээлийн хүүг бууруулах асуудлаар олон жил ярьж байгаа ч дорвитой ажил болсонгүй. Харин энэ жилээс нааштай мэдээнүүд дуулдаж эхэлж байгаа нь сайшаалтай. Мөн нааштай мэдээнүүдтэй хамт арилжааны банкууд ч зээлийн хүүгээ бууруулж байгаа мэдээллийг цацаж эхэлсэн энэ үед зарим банкууд бага хүүтэй зээл авах боломжийг эрх тэгш олгоосой гэсэн үндсэн дээр асуудал хөндсөн нийтлэл маань эзэндээ хүрч, Төрийн банкнаас албан ёсны тайлбарыг манайд ирүүллээ.
Тэд тайлбартаа ганц Эрдэнэт үйлдвэр гэлтгүй бүхий л байгууллагын ажилтнуудад бага хүүтэй цалингийн зээл олгох боломжтой тухай дурджээ. Утсаар холбогдож, Өлзийбат Амаржаргал нэртэй фейсбүүк хэрэглэгчийн мэдээллийг ташаа мэдээлэл байна гэж үгүйсгэж байсныг бодвол албан бичигтээ арай өөр тайлбар өгчээ. Мэдээж бүгд тэгш эрхтэй. Хэн нэгэн үйлдвэрт ажилладаг байлаа гээд бусдаас давуу эрхтэй байж болохгүй. Үүнийг банк санхүүгийн салбарынхан ч сайн ойлгодог байх нь чухал юм. Мөн асуудалд шуурхай хандаж, алдаа дутагдлыг ухамсарлаж, албан ёсны тайлбарыг цаг алдалгүй өгч байгаа Төрийн банкны хамт олонд баярлалаа.