Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, сургууль, олон улсын байгууллага болон Элчин сайдын яам/ЭСЯ/-дын ажилтнууд агаарын хил хаагдсанаас хойш манай улсад ирэх боломжгүй болоод байгаа. Гадаад харилцааны яам зургаадугаар сараас эхлэн Элчин сайдын яамдаар дамжуулан Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаад иргэдийн хүсэлтийг авсан бөгөөд тухайн сарын дунд үеэс эхлэн тусгай үүргийн нислэгт 5-10 гадаад иргэнийг багтаах боломжийг олгожээ. Өнөөдрийн байдлаар гадаадын 183 иргэн манай улсад ирсэн талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Мөн Монголд ирэх хүсэлтэй гадаад иргэдийн тоо 400 гаруй байгаа аж. Энэ тооны хүнийг тусгай үүргийн нислэгт монгол иргэдтэй хамт авчрахад цаг хугацаа их шаардагдах тул зөвхөн гадаад иргэдийг авчрах тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаад иргэд Монголд ирж чадахгүй байснаар гадаад багштай сургуулиуд хичээлээ заах боломжгүй байх, зарим ЭСЯ-ны ажилтнуудын ихэнх нь гадаад улсаас ирж чадахгүй байгаагаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох, удирдлагууд нь ирж чадахгүйгээс шалтгаалж цалингаа олгох боломжгүй болоод буй компаниуд ч байгаа. Иймд УОК-ын даргаас өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад иргэдийг авчрахаар болсон. Одоогоор 15 улсын 100 гаруй иргэн ирэхээр МИАТ ТӨХК-аас тасалбараа авсан” гэв.
Харин зарим тусгаарлах байр дахин энэ зориулалтаар ажиллуулах боломжгүй байгаагаа УОК-ын Шуурхай штабт мэдэгдэж, хүрэлцээ багасаж байгаа тул энэ удаагийн нислэгт монгол иргэдийг хамруулах боломжгүйг албан ёсоор хэллээ.