Олимпийн наадмаас авсан медаль,
тамирчны гаргасан хөлс, хүч хөдөлмөрийн тэгш үнэлэх ёстой. Гэвч манайд ялгавартай
үзэл суртал ноёрхож, тамирчдын гаргасан амжилтыг ялгавартайгаар үнэлж байна.
Жүдо, чөлөөт бөх, боксоор тив
дэлхий, олимпод амжилт гаргасан бол таныг улсын баатраар хүлээн авч, зөвхөн
танд зориулсан тусгай нэвтрүүлэг, уран сайхны кино хүртэл бүтээж, орон байр,
автомашин, хувцас хунар гээд бүгдийг л барьж бялдуучлана. Тэгсэн мөртлөө асар их тэвчээр
гаргаж дэлхийн аварга болсон хүүг нэг сая төгрөгөөр урамшуулж онигоо болох нь
энүүхэнд. Хүн хүний үнэлэмж тэр байдаг биз.
Гэвч олимпоос авсан адилхан
хүрэл медалийг хоёр өөрөөр үнэлж, хоёр өөрөөр хүндэтгэл үзүүлж байгааг хараад
чимээгүй сууж үнэхээр чадсангүй. Д.Сумьяа, Д.Отгондалай нарыг одоо ч мартахгүй
магтаж, бахархаж байна. Гэтэл тэдэндээ адил амжилт үзүүлсэн Б.Ууганхүү,
Э.Содномпэлжээ нарын амжилтыг дурсаж байгаа нь тун ховор. Гаргасан амжилт, зүтгэсэн
хүч хөдөлмөр, дуслуулсан хөлс нь адилхан л баймаар. Харин Б.Ууганхүү,
Э.Содномпэлжээ нарын хөлс жирийн нэгнээс илүү үнэтэй л санагддаг. Гэвч тэдний
хөдөлмөрийг арай л дутуу үнэлээд байх шиг.
Сүйд болоод байр машинаар
шагнаад өгөөч гэж гуйгаагүй. Гэхдээ л нийгмийн хариуцлагаа ухамсарладаг гэж
өөрсдийгөө сурталчилдаг байгууллагууд одоо л тэр ид шидээ харуулмаар байх юм. Тамирчдад
сэтгэлийн дэм нэн чухал. Гэвч сэтгэлээрээ дэмжиж байна гээд нэг хэсгийг нь
бялууртал, нөгөө хэсгийг нь гонсойтол нь шагнаж урамшуулдагаа одоо больмоор
байна. Өгвөл өгсөн шиг өгчихдөг байя. Адилхан л медальтнууд, адилхан л
гавьяатнууд.
Үндэстэн агентлаг