Орон нутгийн сонгуульд АН-ынхан МАХН болон Шинэ намтай эвсэл болон орж байна. НИТХ-ын сонгуулийн 45 мандатыг хувааж, олон тойрог дээр АН-аас хүмүүс нэр дэвшиж чадсангүй. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч нарын гаргасан энэ шийдвэрт АН-ынхан бухимдаж, МАХН-тай эвсэхгүй, тэдний нэр дэвшигчдэд санал өгөхгүй, Шинэ намын гишүүнийг дэмжихгүй гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Тэдний нэг нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оююундарь. Тэрээр сошиал орчинд “МАН-ыг АН-ын хүнийг элсүүлчихлээ гэж “дайсагнаад” яахав ээ АН-ынхан минь, нэгэн цагт тэрнээс томоор “дайсагналцаж” явсан МАХН болон дөнгөж саяхны “урвагчид” гэгдэх ШИНЭ намыг дэмжээд Орон нутгийн сонгуульд орох гэж байж” хэмээн бичжээ.
Одоогоос 30 жилийн өмнө МАХН-ын дэглэмийг түлхэн унагаах тэмцэлд босч байсан АН-ынхан өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг царайчилж байгаад, хэдхэн сарын өмнө намаасаа гарч шинэ нам байгуулан УИХ-ын сонгуулиар АН-ыг ялагдахад хамгийн гол нөлөө үзүүлсэн Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй нөхдийг урьж залан хөл алдаж байгаад Ц.Оюундарь бухимдаж байгаа бололтой.