Төв суурин газрын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 8, 9 сарын хурлаар өвөлжилтийн асуудлыг хэлэлцүүлж олон шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Өчигдөр орсон цас бороо, цочир хүйтрэлд УБЗАА-ны хяналтын төрийн бус байгууллагууд халтиргаа үүсэх эрсдэлтэй хотын алсын ажиглалт явуулахад зөвхөн элэгдсэн буюу халцгай дугуйтай автомашинууд халтирч, авто тээврийн аваарь осол үүсгэх эрсдэл өндөртэй байлаа.
Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар хамтран жолооч нарыг автомашины дугуйгаа өвлийн дугуйгаар солиход уриалах, шаардлагатай зарим арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахаар ДУГУЙГАА СОЛЬЁ сарын аяныг зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2017 оноос автозамын халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг онцгойлон анхаарч хотын алслагдсан хэсгүүд болох Нисэх Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик, Найрамдлын зам, Хүй долоон худаг, Эмээлтийн зам, Тээврийн товчоо, Ар гүнтийн зам, СХД 21-р хорооны зам/Партизаны зам/, Дархан руу чиглэсэн зам, Жаран нэгийн гарам, Нүхтийн зам, Чингисийн хүрээний замуудыг бүрэн эзэнтэй болгож жилийн 4 улиралд тогтмол арчилгаатай байлгах бодлого, зорилт баримтлан ажиллаж, үр дүнд алслагдсан замуудад гарах овар ослын тоо эрс буурсан.