Өнөөдөр УЕПГ-аас Прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат “Нийслэлийн Прокурорын газар энэ оны гуравдугаар улиралд 570 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьсан. Үүнээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад мөрдөн байцаалтын хэрэг 5.7 хувиар, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 9.9 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн энэ оны зөвхөн гуравдугаар улиралд нийслэлийн Прокурорын газраас 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна” гэж мэдэгдлээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаа “Гэр бүлийн хүчирхийлэл 22 хувиар буюу хамгийн өндөр хувиар буурсан. Мөн хүүхдийн хүчирхийлэл 2,5 дахин буурсан” гэсэн юм.
Үүнээс гадна олны анхаарлыг ихээр татсан зарим хэргүүдээс танилцуулллаа. “Жи тайм”-ын гэх тодотголтой 13 386 хохирогчтой хэргийг шүүхээр шийдсэн. “Жи Тайм”-ын Гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгт таван жилийн ял оноож, 11 тэрбум төгрөг гаргуулах шийдвэр гаргасан гэж мэдээллээ.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох хэргүүдийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан байсан С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн.
Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдэх, зохион байгуулалттай гэмт бүлэглэл зохион байгуулж мөнгө угаасан Хятад улсын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
“Жаст” группийн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Мөн НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат: “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа, түүнийг Монголд авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар ажиллаж байна” гэх мэдээллийг тус тус өглөө.