Монголбанкны Мөнгөний бодлогын
газрын захирал Б.Баярдаваа \”Манай байгууллага ипотекийн зээлийн олголтыг
эхлүүлэх гэхээр нэг асуудал үүсээд байна. Тэр нь, барилга хот байгуулалтын
ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэрийн төслийг боловсруулахдаа 100 м.кв
хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж
өгсөн. Үүн дээр Монголбанк хуучин журам дахь 80 м.кв хүртэлх талбайгаа 100 м.кв
болгож нэмэгдүүлж, зээлийнхээ журмыг сулруулах юм бол санхүүжүүлэх боломжгүй
гэсэн хариулт өгсөн байгаа. Учир нь,
Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Гол хүндрэл нь төсөв, гадаад төлбөрийн
тэнцэл дээр байгаа. Бид ийм үед санхүүгийн сахилга батыг эрхэмлэх хэрэгтэй
байна.
Барилгын салбар ДНБ-ийн 4 хувь, ажиллах хүчний 9 хувийг бүрдүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд мөнгө хэвлэх замаар Монголбанк засгийн газрын алдагдлыг
нөхөж ирсэн. Ийм байдал цаашид удаан үргэлжилж болохгүй. Ипотекийн зээлэнд
хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх асуудлын хүрээнд өмнө
нь байр авсан 3000 орчим өрхийн л асуудал байгаа. Эдгээр өрхүүдийг найман хувь
руу шилжүүлэхэд 500 тэрбум төгрөг шаардлагатай. Ийм асуудал дээр бид зах зээлээ
бүхлээр нь хөдөлгөх асуудлыг сөхөж болохгүй” гэсэн тайлбар хийжээ.
Гэтэл Засгийн газрын хурлаас Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны
талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг өөрчилж, дээд хязгаарыг 100 ам.метр кв,
зээлийн хүүг найман хувь байхаар тогтоолоо. Түүнчлэн 100 ам.метр кв-аас илүү
талбайтай орон сууцыг ипотекийн зээлд
хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбай бүхий орон сууц
худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа
төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдана гэж зааж өгчээ. Мөн энэхүү өөрчлөлтийг
хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж,
Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөжээ.
Өөрөөр хэлбэл эдийн засаг ямар байхыг үл тоож, Засгийн газраас хүч түрэн
шийдвэр гаргалаа гэж ойлгож болохоор байна.
Үндэстэн агентлаг