МУИС-ийн номын сангаас “Миний Монгол бичиг” аяны хүрээнд “Ховор ном болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэнг 2020 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд МУИС-ийн номын сангийн сан хөмрөг болон МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхимүүдэд хадгалагдаж буй Монгол бичгээр хэвлэгдсэн “Монгол ганжуур” 83 боть; Монгол Тансан эвхмэлийн эмхэтгэл VI боть; Төвд, Монгол бичгээр хэвлэгдсэн Жадамба, Банзрагч, Алтангэрэл судрууд; Дайчин улсын Монголын Магад хууль II-VI эмхэтгэл; Дэлхийд түгсэн “Монголын нууц товчоо” зэрэг 1000 гаруй бүтээлүүд дэлгэгдэж байна.
“Ховор ном болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэнг хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Заяабаатар нээж, МУИС-ийн эрдэмтэн, судлаачид үзэсгэлэнгийн зорилго, ач холбогдол болон бүтээлүүдийн танилцуулгыг хийлээ.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол хэл, хэл шинжлэлийн багш Б.Энхсувд “Монгол бичгийг цахимаар хэрхэн бичих тухай” сургалт, мэдээллийг хүргэв. Мөн түүнчлэн “Хос уянга” клубын оюутнуудтай хамтран “Алтан хонх” сэдэвт монгол бичгээр уншиж, бичих тэмцээнийг амжилттай зохион байгуулж, тэргүүн, дэд байруудыг шалгаруулан шагнаж урамшуулав. Тэргүүн байрт ШУС-ХУС-ын Хятад орон судлалын 3-р түвшний оюутан Б.Бат-Эрдэнэ, Дэд байрт ШУС-ХУС-ын 1-р түвшний оюутан Б.Бархассүрэн нар шалгарлаа. Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш, эх хэл соёлоо дээдлэн эрхэмлэгч судлаачид болон оюутнууд та бүхэндээ номын сангийн зүгээс гүн талархал дэвшүүлж байна.