Улаанбаатар хотын түгжрэлийг өнөө маргаашдаа бууруулахын тулд яах вэ гэсэн шийдлийг бүгд хайж байна. Тэгвэл худалдааны төвүүдийг нүүлгэх саналыг гаргаж байгаа юм. Тухайлбал, авто худалдааны төвүүдийг өдөрт 8-10 мянган хүн зорьдог. Үүнийг дагасан их түгжээ тухайн хэсэг газартаа бий болдог байна. Тэгвэл автомашины худалдааг нэгдсэн нэг цэгт төвлөрүүлж, тэнд нь бүх үйлчилгээг бий болгох байдлаар түгжрэлээс зугтаж болох талаар сурвалжилга бэлтгэлээ.
Өдөрт дунджаар 8,000-10,000 хүн автомашин авахаар техникийн захуудаар дамжин явж байгаа нь түгжрэл үүсгэж байна. Авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах үүднээс “Авто худалдааны цогцолбор”-ыг 2014 онд байгуулахаар болсон. Энэ цогцолбороор өдөрт 120 орчим иргэн үйлчлүүлж, шинэ автомашин худалдан авдаг байна. Ингэснээр иргэдэд ч бүхий л үйлчилгээг нэг дороос авах хялбар боломж болж байгаа юм.
Нөгөө талдаа томоохон захуудыг нүүлгэн шилжүүлэх боломжтойг энэ жишээн дээрээс харж болно. Нийслэлд авто худалдаа үйлчилгээ явуулж байгаа 26 цэгийн хоёр нь л албан ёсны зөвшөөрөлтэй байдаг. Тодруулбал, Да хүрээ, Авто худалдааны цогцолбор хоёр л зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Иймд зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, ААН-үүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож авто худалдааны цогцолборт нэгтгэх шаардлагатай байгаа юм.