Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 30. Сугар гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.