“Цэцээ Гүн” Ротаракт клуб, Япон Улсын “Оозора” Ротари клуб, “Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо”, “Шинэ гэр түншлэл” ХХК болон “Лэндмн ББСБ” ХК байгууллагуудтай хамтран “Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийнхөө хүрээнд ХӨСҮТ-ийн насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасагт тохижуулсан “Яаралтай тусламжийн өрөө”-ний нээлт өнөөдөр болж өнгөрлөө.
Энэхүү 11 сая төгрөгийн өртөг бүхий “Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийнхөө хүрээнд бид насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасаг дах сургалтын өрөөг яаралтай тусламжийн өрөөний стандартын дагуу засварлан тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан юм. Өрөөнд орчин үеийн чанарын стандартад нийцсэн өвчтөний хяналтын дэлгэц, автомат тохируулгатай ор нь тасгийн үйлчилгээний чанарт дэвшил авчирч байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн үгэндээ онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар гепатитын вирусийн цочмог халдварын 527 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 1.7 байгаа нь нийт халдварт өвчний 1.2%-ийг эзэлж байна. Энэ нь 2018 онд бүртгэгдсэн өвчлөлтэй харьцуулахад 52 тохиолдол буюу 10000 хүн амд 0.2-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
ХӨСҮТ-ийн насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасаг жилд дунджаар 1500 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хүндрэлтэй өвчтөнүүд байдаг байна. Гэвч тус тасагт яаралтай тусламж үзүүлэх өрөө байдаггүй явдал нь эмчлүүлэгчийн биеийн байдал муудаж, хүндрэл гарах үед өөр тасгийн эрчимт эмчилгээний тасаг руу зөөвөрлөж, улмаас өвчтөний амь нас аврагдах боломжийг буруулдаг байсан юм. Иймд насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасагт яаралтай тусламжийн өрөө бий болгосноор, өвчтөнүүдэд шаардлагатай үйлчилгээг нэн дариу үзүүлж, амь насыг нь аврах боломжийг 40 хүртэлх хувь нэмэгдүүлэхээс гадна эмч, ажилтнуудыг чадавхжуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт болж байна.
“Цэцээ Гүн” Ротаракт клубийн “Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төсөлд туслалцаа үзүүлсэн Япон Улсын “Оосүра” Ротари клуб, “Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо”, “Шинэ гэр түншлэл” ХХК, “Лэндмн ББСБ” ХК болон хувь хүмүүстээ гүн талархал илэрхийлье.
Нэмэлт мэдээлэл
“Цэцээ Гүн” Ротаракт клуб нь Олон Улсын Ротари хөдөлгөөний Монгол дахь салбар бөгөөд 2013 оноос хойш шашны бус, ашгийн бус, төрийн бус байгууллага хэлбэрээр энх тайван, хямрал зохицуулалт; өвчний эмчилгээ, оношилгоо; боловсрол, бичиг үсэг тайлагдалт; эх, хүүхдийн эрүүл мэнд; эдийн засаг, бүр нутгийн хөгжлийг дэмжих; ус, эрүүл ахуй болон хүрээлэн буй орчныг хамгаалах гэсэн үндсэн долоон чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар ирсэн.
Энэ хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн зарим нэг үр дүнгээс дурдвал:
• “Хүн бүх сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүрээнд 48 оюутанд 65 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон.
• “Ном” төслийнхөө хүрээнд зургаан аймгийн алсдагдсан бүсэд байрлалтай ЕБС-д 10000 орчим англи, монгол хэл дээрх ном хандивласан.
• “Care box” төслөө 15 удаа хэрэгжүүлж Улаанбаатар хотын бүх дүүргийн ТҮК-ийн ажилчдад хэрэгцээтэй эд зүйлсийг цуглуулан хандивласан.
• “Labdoo” төслийнхөө хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын ЕБС-д 14 компьютер хандивлаж, мэдээлэл зүйн кабинетад нь хөрөнгө оруулсан.
• “Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийнхөө хүрээнд Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлгийн ариун цэврийн өрөөг хүүхдүүдэд тохиромжтой болгон шинэчилж засварлахад 11 сая төгрөгийг зарцуулсан байна.
“Цэцээ Гүн” Ротаракт клубийн гишүүнчлэлийн тухай – “Цэцээ Гүн” Ротаракт клуб нь Пүрэв гариг бүр уулзалтаа хийдэг бөгөөд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гаригт зохион байгуулагддаг “Нээлттэй хурал” дээр ирж мэдээлэл авч, гишүүнээр элгэх боломжтой бөгөөд ямар нэгэн шалгуургүй, хүн бүрд нээлттэй болно.