Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хууль хяналтын байгууллагуудаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад багагүй хугацаа өнгөрч буй.
Цагтаа Ч.Сайханбилэг “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ” гэсэн тайлбар нүүр хуудсаараа дамжуулан өгч байсан билээ. Мөн тэрбээр тун удахгүй Монголд очиж, албан ёсоор мэдээлэл хийнэ хэмээж байсан ч өнөөг хүртэл ирээгүй байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дараагийн чартер нислэгээр Монголд ирэх гэж байгаа гэлээ.
Түүнийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн. Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байсан. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй учраас олон улсад эрэн сурвалжлах болсон гэдгийг албаныхан хэлж байсан юм.
Мөн өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат “Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллага хариуцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авдаг. Энэ дагуу түүнийг шилжүүлэн авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан байгаа” гэсэн тайлбар өгч байсан билээ.