Коронавирусний халдвартай жолоочтой ойр байсан 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Тэрбээр, “Улс орнуудыг алаг цоог буюу зөөвөрлөгдөн орж ирсэн, кластер буюу багц өвчлөлтэй, олон нийтийн дунд алдсан гэж 4 ангилж байсан. Монгол Улс дотоодод 4 тохиолдол илэрснээр кластер ангилалд шилжиж байна. Кластерт орсон улс орнууд хамгийн нэгдүгээрт хол хорио тогтоодог. Хөл хорионы дэглэмийг халдварын нууц үеийн хугацаанд халдварт өртсөн, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг 24-48 цагийн дотор илрүүлж тусгаарлах, шинжлэх, нийгмийн эрүүл мэндийн хариу ажил өрнүүлнэ гэсэн ДЭМБ-ын зөвлөмж бий. Бид нийт 73 ойрыг хавьтлыг илрүүлээд байна. Түүнээс гадна үзвэр үйлчилгээ, гадуур дотуур явсан зэрэг 2000 гаруй дам хавьтал бий. Энэ хүмүүсийн байршлыг тогтоож байгаа. Мөн үзвэр үзсэн 200 гаруй хүн ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн. Энэ бүх хариу зүгээр гарна гэж хэлэхэд хэцүү. Хэрэв коронавирусний тохиолдол дахиж гарвал бид энэ арга хэмжээгээ үргэлжлүүлнэ” гэлээ.
Ойрын хавьтал гэдэг нь халдвартай хүнтэй 1.5-2 метрээс ойр зайнд хамгаалах амны хаалтгүй уулзсан, 15 минутаас их хугацаанд хамт байсан хүнийг хэлдэг байна.
Засгийн газар, УОК-ын шийдвэр нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гарч байгаа бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийг хамтарч ажиллахыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хүслээ. Мөн хорио цээрийн дэглэмийн үед аль болох гэрээс гарахгүй байх, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байхыг уриалсан юм.
Ташрамд дурдахад, тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул УОК өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоосон юм. Улмаар тээврийн жолоочийн ойр байсан 2 хүнээс коронавирус илэрсэн тул УОК, Засгийн газар шуурхай хуралдаж, энэ сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх болсон юм.