ЭМЯ-ны ээлжит мэдээллээр өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр шуурхайн штабын мэдээллийг танилцууллаа.
Өнөөдөр, 11 дүгээр сарын 20-нд тусгаарлан ажиглах байранд нийслэл хотод 1562, аймаг, орон нутагт 720, нийт 2282 хүнийг тусгаарлааад ажиглаж байна. Энэ нь өмнө нь гадаад улс орнуудаас татан авч, эх орондоо ирээд буй хүмүүс юм. Хоёрт, ХӨҮСТ-ийн зөвлөмжөөр хавьталтай иргэдийг ОБЕГ-ын Шуурхайн штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ХӨСҮТ-тэй хамтран тусгаарлаж байгаа юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотод 689 иргэнийг тусгаарласан. Орон нутагт 405, нийт 1094 хүнийг тусгаарлах байранд шилжүүлэн аюулгүй байдлыг ханган сахиулж байна.
Гуравт, эрүүл мэндийн салбарын шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орноос ирж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, хэрэглэл, бусад зүйлийг улсын хилээр яаралтай нэвтрүүлэх, түгээх ажлыг бусад холбогдох байгууллагатай хамтран удирдлагаар ханган шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
МИАТ ТӨХК-ийн хийж буй карго тээврийн ачааны дийлэнх нь ДЭМБ, олон улсын байгууллага, бусад улс орноос ирүүлж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм тариа, хувцас хэрэгсэл, бараа материал байгаа. Эдгээрийг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, доголдолгүй явуулах үүднээс цаг тухай бүр нь тээвэрлэн хүргэж нийлүүлэхэд анхааран ажиллаж байна.
Дараагийн асуудал нь мөн эрүүл мэндийн шугамаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд орон нутагт суурилуулах эмнэлгийн тоног төхөөрөмжид зайлшгүй ажиллах инженер, техникийн хүмүүсийг шилжүүлэх шаардлага үүссэнийг мөн Шуурхай штабаас удирдлагаар ханган зохицуулан ажиллаж байна. Мөн нийслэл хотод зайлшгүй эмчилгээний аппаратад орох хүмүүсийг зөөх, тээвэрлэн хүргэх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйн үүднээс нийслэлийн Эрүүл мэндийн төв зэрэг холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Жишээ нь, өчигдөр гэхэд хавдартай өвчтөн 22-ын товчоон дээр орж чадахгүй гацчихаад байсныг Шуурхайн штабаас замын хөдөлгөөнийг нэг чигийн болгон хамгаалалтын дор Хавдар судлалын төвд яаралтай, шуурхай, цаг алдалгүй хүргэж өглөө.
Мөн аймаг, орон нутагт, шаардлагатай цэгүүдэд ОБЕГ, ХӨСҮТ-ийн хамтарсан багууд очиж ажиллаж байна. Орхонд аймагт өчигдөр шөнө очиж ажиллалаа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд ОБЕГ-аас зохицуулалт, удирдлагаар хангах хүний томилж ажиллаад байна. Мөн өчигдөр Шуурхай штаб Эрүүл мэндийн сайдтай хамтран эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж, цаг үеийн талаар мэдээлж, нөхцөл байдлыг авч хэлэлцэн Эрүүл мэндийн сайдаас тодорхой чиглэл өгсөн. Эцэст нь гэрийн ажиглалтад шилжээд байгаа иргэдийг 14 хоногийн дэглэмээ ягштал сахихыг дахин дахин хатуу сануулж хэлье. Нэг хүний санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс болж нийт олонд хор хөнөөлтэй байдал үүсэх вий гэдэг үүндээс дахин хатуу сануулж байна гэв.