Stand-by буюу Богино Хугацааны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын зүгээс санал боловсруулан гэрээний нөхцөлөө ОУВС-тай харилцан тохиролцож, улмаар УИХ-ын энэ удаагийн чуулганаар тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.
Засгийн газрын зүгээс Стэнд бай хөтөлбөр буюу богино хугацааны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд МҮЭ-ийн холбооны зүгээс дараах байр суурийг баримтлан ажиллах болно гэдгээ ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Богино хугацааны зээлийн хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ даван туулах зорилгоор олон улс орнууд хэрэгжүүлж байсан одоо ч олон улс хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд анх шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 онд, дараа нь 2009 онд \”Богино Хугацааны Хөтөлбөр”-ийг ОУВС-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай.
Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОУВС-аас тавьдаг гэрээний хатуу нөхцөлтэй холбоотойгоор ард иргэдийнхээ нийгмийн хамгааллыг дордуулах сөрөг үр дагавар гарч байсан гашуун туршлага байдаг. Тухайлбал, Грек улсад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ОВУС-ын хатуу шаардлагын дагуу татварыг нэмэгдүүлэх, цалин хасах, тэтгэврийн өөрчлөлт шинэчлэлийг хийх зэрэг эдийн засгийн хатуу бодлого явуулсан. Энэ нь ард иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, үе үе олон нийтийн жагсаал гарахад хүргэж байсан. Энэ бүхний эцэст Грекийн эдийн засаг уналттай хэвээр, гадаад өрийн хэмжээ нь өссөн. Мөн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед төсвийн сахилгыг сайжруулах арга хэмжээ авдаг. Энэ нь зүйтэй боловч төсвийн сахилгыг сайжруулах нэрийн дор нийгмийн хамгааллыг дордуулахгүй байхад онцгой анхаарах ёстой.
Монголын ард иргэдийн хувьд Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд богино хугацаанд эдийн засагт сэргэлт авчирч эдийн засаг тогтворжсоноор иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх сайн үр дагаварыг хүлээж байгаа. Иймээс Засгийн газрын зүгээс ард иргэддээ ээлтэй өгөөжтэй хөтөлбөрийг сонгон үр дүнтэйгээр хэрэгжүүлэх ёстой.
Өнөөдрийн байдлаар Стэнд бай хөтөлбөрийг ямар нөхцөлөөр, ямар хугацаанд хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудаас иргэдэд хандан ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Ийм бүрхэг байдалтайгаар Зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх асуудал хэлэлцэгдэж байгааг тус холбооны зүгээс буруу гэж үзэж байна. Эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад бүх нийтийн хамтын хүчин чармайлт шаардлагатай. Иймд УИХ, Засгийн газрын зүгээс ард нийтийн санал асуулгын үндсэн дээр энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Засгийн газраас Стэнд бай зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон тохиолдолд дараах асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд:
- 1.Зээлийн гэрээний нөхцөл, хөтөлбөр хэрэгжих хугацаа нь нийт иргэдэд ил тодорхой байх, нийтээр хэлэлцэн зөвшилцсөн байх
- 2.ОУВС-тай хийх зээлийн нөхцөлийн гэрээнд эдийн засгийн сэргэлт богино хугацаанд гарах нөхцөлтэйгээр хийж тохиролцох
- 3.Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын өмнө хүрсэн түвшингээс дордуулахгүй байх
Шаардлага гарсан тохиолдолд МҮЭ-ийн холбооны зүгээс Зээлийн хөтөлбөрийн нөхцөлийн талаар тодорхой саналыг хүргүүлэх болно.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо