Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 онд төлөвлөгөөт хяналт шалгалтанд эмнэлэг, эрүүл мэндийн төв, хүнсний үйлдвэр, үйлчилгээ, ерөнхий боловсролын сургууль зэрэг нийт 14 байгууллагыг хамрууллаа.
Хяналт шалгалтын явцад эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлэг, сургууль, хүнсний байгууллагад улсын албан шаардлага, актаар өгсөн үүргийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг өгсөн үүргийн хэрэгжилт 40 хувьтай, эрсдлийг 21.4 хувиар бууруулсан бол Замын-Үүд сум дахь Нэгдсэн эмнэлэг үүргийн хэрэгжилт 55 хувьтай, эрсдлийг 29 хувиар бууруулсан байна. Мөн \”Хөхтэнгэрийн цахиур” ХХК-ийн үйлдвэрлэлийг хяналтын хуудсаар шалгахад 81 оноо буюу 28.4 бага эрсдэлтэй үнэлэгдэж, улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүргийн хэрэгжилт 66.6 хувьтай байжээ. Тус компани өмнөх шалгалтаар 38.4 буюу дунд эрсдэлтэй үнэлэгдэж байсан юм. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар сургууль болон \”Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа \”Зүүн хөөвөр” ХХК-д гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд бага эрсдэлтэй үнэлэгджээ.
Эмнэлгийн стандартад заасны дагуу хүний нөөцөөр хангаагүй, мэргэжлийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлдэггүй, эмч мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа стандарт дүрэм журмыг тогтмол мөрддөггүй, эмнэлгийн тусламжийн чанарын алба, сувилахуйн алба, эмзүйн алба, халдвар хяналтын албаны үйл ажиллагаа тогтмолжоогүй, барилга байгууламжид урсгал, их засварыг хийдэггүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг багагүй зөрчил илэрсэн байна. Иймээс эдгээр зөрчлийг арилгуулах, дотоод хяналтыг тогтмолжуулах, эрхзүйн чиглэлээр мэдээлэл өгөх зорилгоор \”Эмнэлгийн анхан шатны бүртгэл маягтын хөтлөлтийн асуудал”, \”Эмнэлзүйн эрсдэлийг бууруулах нь”, \”Халдвар хяналтын зарчим”, \”Гарын эрүүл ахуй” сэдвээр сургалт, мэдээлэл хийж Замын-Үүд сум дахь Нэгдсэн эмнэлгийн 62, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 78 мэргэжилтнийг хамруулжээ.