Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевын урилгаар 2016 оны 10 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж байна.
Мөн өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевтай албан ёсны уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр хоёр улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, тэр дундаа Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, Монголын хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон сайн чанарын үрийн сорт гаргах, Оросын Холбооны Улс руу Монголын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.Тус уулзалтын үеэр Монгол улсын талаас тавьсан саналуудыг ОХУ-ын тал хүлээн авч,үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан юм.Тэрээр урилгыг найрсагаар хүлээн авч, ойрын үед Монгол Улсад айлчлахаа илэрхийлсэн.
Уулзалтын дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн \”Россия 24” олон нийтийн телевизэд хоёр улсын хөдөө ах ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлага өгөв.