Өвс, тэжээлийн нэгдсэн зах байгуулахаар болсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбоотойгоор хивэг, өвс тэжээлийн үнийг хөөрөгдөх байдал хөдөө, орон нутагт гарч байна. Энэ талаар ШӨХТГ хянаж шалган цаашид үнийг хөөрөгдөхгүй байх талаар арга хэмжээ авах талаар санал солилцсоны үндсэн дээр өвс, тэжээлийн нэгдсэн зах байгуулахаар боллоо. Ингэснээр өвс, тэжээлийг дамжуулан зуучлуулж, ченжүүдийн гар дамжин үнэ өртөг хэт өсөхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай, Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч байна. Эдгээр аймгийн 40 гаруй мянган малчдын нэг өрхөд 300 мянган төгрөгийн тэжээлээр хангах талаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм.
Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байгаа юм. Малчдад өвс тэжээл хүргэх ажлыг ХХААХҮЯ аймаг, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан зохион байгуулж байна.
Түүнчлэн УОК-оос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэх юм.