УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжид орлогын албан татварыг 1 хувь болгох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд \”Татвар нь 1 хувь байдаг улс орон хаана байгаа юм. Та нар ард түмэндээ хайртай юм бол нэг мөр 0 болгочихооч. Тэгээд бизнес эрхэлж байгаа хүмүүсээ ялгаварлан гадуурхаад дөрвөн салбарыг л энэ 1 хувийн хуульд хамруулна гэнэ. Ингэж ялгаварлан гадуурхаж яах гээд байгаа юм.
Өнөөдөр МАН өмнөх Засгийн газар, УИХ-ын хийсэн бүхнийг болиулаад, ард түмнээ ялгаварлан гадуурхах зүйл л хийж байна шүү дээ. Хөргөгчтэй айлын хүүхдэд мөнгө олгохгүй, хөргөгчгүй бол олгоно гээд ялгаварлаж байна. Хөөрхий хуруу хумсаа хугалан байж гэрээ тохижуулаад гэр цэцэрлэг ажиллуулсан хүмүүсийг та нар болиуллаа. Гэр цэцэрлэгээ боль. Та нар хүн биш. Танай цэцэрлэгт хүн явах шаардлагагүй гээд болиулчихлаа” хэмээв.