Олон хүнийг нэг дор цуглуулах нь халдвар гарах үндэслэл болж байна гэж УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр сануулж сэрэмжлүүллээ.
Тухайлбал, буяны ажилд оролцсон 40 хүний 6-д, төрсөн өдөр тэмдэглэсэн 20 хүний нэгээс тус тус коронавирусний халдвар илэрч PCR шинжилгээгээр баталгаажжээ. Тиймээс буяны арга хэмжээнд хүний тоог цөөлөх шаардлагатай байна. Иргэд олноор цуглахгүй, баяр ёслол тэмдэглэхгүй байхыг анхаарууллаа.
“Зүчи” зочид буудалд тусгаарлалтад орсон гэр бүлийн 5, 16 настай хоёр хүүхэд нь гэртээ тусгаарлалтад орхигдсон. Хоол хүнсний хангамж болон хүүхдүүдийн аюулгүй байдал доголдолтой байгаа аж. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт дээрх асуудлаар хандаж шаардлагатай бусад дэмжлэгийг үзүүлэхээр болсон байна.
Хэрэв дээрх гэр бүлийн тусгаарлалтын арга хэмжээ цаашид үргэлжилвэл хүүхэд хамгааллын тусгаарлах байранд хүүхдүүдийг авчрахаар төлөвлөж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ. Мөн халдварын сэжигтэй тохиолдлын хавьтал болсон хүн онлайнаар гар утасны худалдаа зохион байгуулж, хүргэлт хийж байсныг сэрэмжлүүллээ.