Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтыг хумих зорилгоор Улаанбаатар хотод өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-наас энэ сарын 6-ныг хүртэл хатуу хөл хорио буюу Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох шийдвэр гаргасан. Улмаар цар тахал буураагүй төдийгүй нийслэлд эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илрээд байсан тул хатуу хөл хориог дахин 4 хоногоор сунгасан билээ.
Энэ хугацаанд коронавируст халдварын нийт 396шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг өдөр хамгийн олон тохиолдол илэрсэн нь 57 хүн буюу 2020 оны 12-р сарын 23-ны өдөр болж байна. Энэ нь манай улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш, нэг өдөр бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин шинэ он гарсаар хамгийн олон нь 41 тохиолдол бөгөөд энэ нь нэгдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдэж байв. Хөл хорио энэ өдрөөс сунгагдсан билээ.
Коронавируст халдварын тохиолдол эдгээр өдөр ямар байсныг тоон мэдээллээр танилцуулбал:
2020.12.23: 57 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1063 болов. Үүний 55 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой байсан бол, Сэлэнгэ аймгийн 1 иргэн, Цэргийн төв эмнэлгийн нэг эмч халдвартай нь тогтоогдсон юм.
2020.12.24: 6 хүний шинжилгээнд,
12 дугаар сарын 26: 7 хүний шинжилгээнд,
12 дугаар сарын 27: 39 хүний шинжилгээнд,
12 дугаар сарын 28: 16 хүний шинжилгээнд,
12 дугаар сарын 29: 38 хүний шинжилгээнд,
12 дугаар сарын 30: 20 хүний шинжилгээнд,
12 дугаар сарын 31: Мөн 20 хүний шинжилгээнд тус тус коронавирус илэрснээр нийт батлагдсан тохиолдол 1215 болж бүртгэгдэв.
Харин 2021.01.01-нд 5 хүнээс буюу ХӨСҮТ-ийн нэг сувилагч, БЗД-ийн эмнэлгээс гаралтай хоёр, Мөнххада компанийн хоёр ажилтнаас халдвар илрэв.
Нэгдүгээр сарын 2: 22 тохиолдол,
Нэгдүгээр сарын 3: 21 тохиолдол,
Нэгдүгээр сарын 4: 23 тохиолдол,
Нэгдүгээр сарын 5: 22 тохиолдол,
Нэгдүгээр сарын 6: 41 тохиолдол,
Нэгдүгээр сарын 7: 13 тохиолдол,
Нэгдүгээр сарын 8: 33 тохиолдол
–Нэгдүгээр сарын 9: 13 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 1408 болоод байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 3 дугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрснээр анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш буюу 11-р сарын 10-нд манай улсад дотоодын халдвар бүртгэгдэх хүртэлх хугацаанд нэг өдөр хамгийн олон тохиолдол илэрсэн нь 2020 оны 5-р сарын 14-ний өдөр бөгөөд ОХУ-аас ирсэн 18 оюутнаас, үдээс хойших шинжилгээгээр ОХУ-аас ирсэн сонсогчдоос нэмж 37 хүн халдвартай нь батлагдаж байв.