Дэлхий даяар коронавирусийн халдвар илэрсэн хүний тоо 90 сая давсан талаар worlodometers сайт мэдээлжээ.
Халдвар бүртгэгдсэн тоогоор
- АНУ-22,1 сая
- Энэтхэг-10,4 сая
- Бразил-8 сая
- Орос-3,3 сая
- Их Британи-3 сая тохиолдолтойгоор эхний тавд бичигдэж байна.
Улс орнуудын нөхцөл байдлын талаарх товч мэдээ:
- Их Британид нөхцөл байдал тун тааруу байгаа талаар ВВС мэдээллээ. Тус улсад бямба гарагт 60 мянган хүнээс халдвар илрүүлсэн ба 1035 хүн нас баржээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо 80 мянга даваад байна.
- 85 настай Ромын пап Франциск ирэх долоо хоногт вакцин хийлгэхээр болжээ. Түүний дараа Ватиканы шашны бусад төлөөллүүдэд хийх гэнэ.
- Дэлхийд халдварын тохиолдлоороо хоёрдугаарт, нас баралтын тоогоор гуравдугаарт бичигдэж буй Энэтхэг улс нэгдүгээр сарын 16-наас вакцинжуулалтаа эхлүүлнэ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн хэлснээр 1,3 тэрбум хүн амтай тус улс долоодугаар сар гэхэд 300 сая хүнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Тус улс Европын AstraZeneca болон өөрийн улсын Bharat Biotech компанийн Covaxin вакциныг хийхээр төлөвлөж байна.
- Испани улс цар тахлын хажуугаар байгалийн гамшигтай тэмцэж байна. Их хэмжээний цас орсноос зам гүвээ хаагдаж, нислэгээ зогсоожээ. Зарим бүс нутагт түргэн тусламж саатаж, эмнэлгүүд цахилгаан эрчим хүчний доголдол гарч болзошгүй хэмээн болгоомжилж байна. Тус улсад нийт 2 сая гаруй халдвар авч, 51,8 мянган хүн нас баржээ.