ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан коронавирус халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 148 хүнээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдолд 27.403 болов. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 83 хүн халдвараар нэмж бүртгэгдсэн 14.726 хүн болжээ. Мөн өчигдөр 133 хүн эмнэлгээс гарч, эмчлэгдэн эдгэрсэн хүний тоо нийт 24.657 болов. Буриадад коронавирусний халдварын тархалт эхэлснээс хойш 620 хүн эндсэн байна. Өчигдөр 3 хүн нас баржээ.
Буриад улс нэгдүгээр сарын 20 хүртэл ОХУ-ын дотоодоос тус улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна.
Олон улсын болон дотоодын мэдээллийн сайтуудын мэдээлснээр ОХУ-д Англи улсаас үүдэлтэй “COVID-19”-ийн шинэ хувилбар бүртгэгдээд байна. Шинэ вирусний халдвар Их Британиас ОХУ руу буцаж ирсэн хүмүүст тандалтын журмаар хийсэн шинжилгээний үеэр илэрчээ. ОХУ-д одоогийн байдлаар “COVID-19”-оор 3.4 сая хүн халдвар авч, 61 мянга гаруй хүн нас бараад байна.