Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сарын 12-15-нд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо. Энэ айлчлал нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд гадаад оронд хийж байгаа анхны айлчлал нь юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, \”гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирно.
Мөн Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. \”Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм.