Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 16 975 хүнд шинжилгээ хийжээ.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ. БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. Мөн батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн” хэмээв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ.
Эмчлүүлж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 12 нь хүнд , 87 хүндэвтэр , 449 нь хөнгөн оноштой байгаа аж.