Засгийн газрын 2015 оны долдугаар сарын 7-ны өдрийн хурлаар орон сууцны
ипотекийн зээлийн баталгааны тухай журмыг шинэчлэн баталсан. Журмыг шинэчлэх
хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь,
хугацааг 30 жил болгох шийдэлд хүрсэн юм.
Иргэн ипотекийн зээлд хамрагдахын тулд худалдан авах байрныхаа 30 хүртэлх
хувийг урьдчилан төлсөн байх шаардлага тавьдаг. Харин шинэ журмаар 10 хувийг
урьдчилан төлж, үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкаар баталгаа гаргуулахаар
заасан юм.
Энэ нь орон сууцанд орох хүсэлтэй боловч урьдчилгаа төлбөр дээр асуудалтай
залуу гэр бүлд маш их тус болох журам болсонд гэж иргэд талархалтай хандаж байв. Гэвч яг хэрэгждэг дээрээ гацаж орхив. Маш сайхан
журам батлагдсан. Гэтэл журмын дагуу зээл олгочих банк Монгол Улсад байсангүй.
Банк бүр өөрийн гэсэн шалгууртай. Болж өгвөл 30-аас дээш хувийн урьдчилгаа
авахыг эрмэлзэнэ. Ингээд л 10 хувийн урьдчилгаа төлөөд
байранд орох хүсэлтэй залуусын мөрөөдөл талаар боллоо.
Уг нь төрөөс журам баталчихсан. Гэтэл яагаад ажил хэрэгжих шатан дээрээ
гацчихав хэмээн гайхаж магадгүй. Тэгвэл энд тун энгийн тайлбар хийхэд төр 10
хувийн урьдчилгаа төлөөд, 20 хувийн батлан даалт гаргуулаад орон сууцны зээлд
хамрагдаж болох ерөнхий журмыг л баталж. Харин яг зээл олгож эхлэх асуудлыг
эцэслэн шийдвэрлээгүй байна. Тиймээс энэ журам иргэд, залууст үйлчлэх бус
одоогоор цаас хэлбэрээр даргын ширээн дээр хэвтэж байна.
Тэгвэл энэ журам цааш үргэлжилж, иргэд 10 хувиа төлөөд орон сууцтай болох
боломж байна уу гэсэн асуултад Барилга, хот байгуулалтын шинэ сайд
З.Баянсэлэнгэ \”Энэ асуудлыг БХБЯ-ны хэмжээнд шийдвэрлэх боломжгүй. Арилжааны
банк, Хөгжлийн банк, Сангийн яам, нийслэлийн удирдлагуудтай санал солилцож,
гэрээ хэлэлцээр хийгдэнэ. 10 хувийн урьдчилгаатай
холбоотой баримт бичиг, тооцоо судалгаа, банкны баталгаатай холбоотой асуудал
бүрэн шийдэгдээгүй, түүхий байна. Тиймээс 10 хувийн урьдчилгаатай ипотекийн
зээл хэдийд хэрэгжиж эхэлнэ гэж хугацаа хэлж чадахгүй” гэсэн хариултыг
өгсөн байна.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын баталсан \”сайхан журам” энэ жилдээ багтаж
хэрэгжихгүй нь ойлгомжтой болж байна. Ирэх жил сонгуулийн жил. Магадгүй
сонгуулийн өмнө сурталчилгаа хэлбэрээр түр зуур хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Яг
6 хувийн хүүтэй орон сууцны зээл шиг асар богино хугацаанд хэрэгжээд өнгөрч ч
мэдэх юм.
Гэхдээ урьдчилгаа багаслаа гээд иргэдийн төлөх төлбөрийн хэмжээ л
нэмэгдэнэ. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанарт өөрчлөлт
гарахгүйтэй адил. Харин орон сууцны үнийг тодорхой түвшинд бууруулж, ядаж
хөөсийг арилгаж чадвал иргэд 10 хувьд өгөх гээд байгаа тэр хөрөнгөөрөө орон
сууцны 50 хувь ч төлөх боломжтой гэдгийг эдийн засагчид онцолсоор байгаа. Гэвч
манай төрд орон сууцны үнийг бууруулах, хөөсийг хагалах ямар ч сонирхол байхгүй
гэдэг нь тодорхой болсон. Харин эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авах
чадвар буурсан зэрэг шалтгаанаас үүдэн орон сууцны үнэ харьцангуй хямдраад
байгаа. Улсыг буруу удирдаж, хямралд оруулсныг сайшааж магтдаггүй л юм бол энд
төрийн оролцоо хумсын толион чинээ ч байхгүй. Орон сууцны үнэ урсгалаараа хөвж
байна.
А.Аюуш