\”Монгол улсын Өрсөлдөөний орчныг сайжруулах” төслийн хүрээнд ЖАЙКА байгууллага, ШӨХТГ-аас боловсруулсан ажлын даалгаврын дагуу Өрсөлдөөний хууль ба бодлогын хэрэгжилтийг боловсронгуй болгоход чиглэсэн дараах таван судалгааны ажлыг хэрэгжүүлэх Зөвлөх үйлчилгээний багуудыг энэ оны 8 дугаар сард сонгон шалгаруулсан юм. Үүнд:
• Монгол улсын зах зээлийн шударга өрсөлдөөн, өрсөлдөөний хууль эрх зүйн талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт болон зах зээлийн өнөөгийн төлөв байдал, нэвтрэх саадыг тодорхойлох ;
• Өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаанд тавих хяналт зохицуулалт , эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
• Монополийн үйл ажиллагаанд тавих хяналт зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
• Нэгдэн нийлэх үйл ажиллагаанд тавих хяналт зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
• Өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ, хэлцэл, картелийн хяналт зохицуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
Эдгээр Зөвлөх багуудын гүйцэтгэж буй судалгааны ажлын явцын тайлангийн хурал 2016 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын \”Номын хүрээ” танимд зохион байгуулагдсан бөгөөд ШӨХТГ-ын удирдлагууд болон тус агентлагын төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг, Японы Шударга худалдааны хорооны зөвлөхүүд оролцлоо.
Зөвлөх багуудын ажлын явцын тайлантай танилцсан Японы Шударга худалдааны хорооны Гадаад харилцааны газрын захирал Сувазоно Садааки болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсгийн зүгээс Зөвлөх багуудын гүйцэтгэж буй судалгаанаас ямар үр дүн хүлээж байгааг баг тус бүрд зөвлөж, тэдэнд холбогдох зөвлөгөөг өгч судалгааны ажлуудас гарч буй дүгнэлтүүд олон улсын Өрсөлдөөний хууль ба бодлого, Монгол улсын өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн орчин нөхцөлд хир нийцэж буй талаар санал бодлоо солилцлоо.
Дашрамд дурдахад Японы Шударга худалдааны хорооны Гадаад харилцааны газрын захирал Сувазоно Садааки нь Японы Монополийн эсрэг хуульд Өршөөлийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, Хэрэг шалгах үйл явц болон сонсох ажиллагааны талаарх нэмэлт өөрчлөлтүүдийг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зар сурталчилгааны хуульд интернетийн орчин дахь хуурамч зар сурталчилгаанд хүлээлгэх хуулийн санкцийн нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулан оруулж байсан туршлагатай, Харвардын их сургуультай холбоотой ажилладаг профессор юм.