Сангийн сайд Б.Жавхлан Төв банкинд хуримтлагдсан 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах төсөв, мөнгө, татварын бодлогыг уялдуулж ажиллахад анхаарна. Эдийн засгийг сэргээхэд анхаарна хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайдаар томилогдоод буй Б.Жавхлан хоёр чиглэлд анхаарч ажиллана гэлээ. Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх хүрээнд гаргасан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарна. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүд, ЖДҮ-ийн ажлын байрыг хамгаалах тал дээр мөнгөний бодлого, төсвийн бодлого онцгой уялдаж ажиллана.
Түүнчлэн тэрбээр “Одоогийн эдийн засгийн хямрал буруу бодлогоос болоогүй. Энэ бол цар тахлаас улбаатай. 2019 он хүртэл төсвийн сахилга бат сайжирч ирсэн. Гэвч дэлхий нийтээр хүнд сорилттой тулгарлаа. Бидний бай бол Ковид юм. Удахгүй вакцин гарч ирээд биднийг аварна гэж хүлээгүйгээр цар тахлыг сөрж гарах хэрэгтэй. Амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, аж ахуйн нэгжүүдээ нээж, эдийн засгаа босгоно. Иймээс зөвхөн УОК биш хүн болгон дор бүрнээ хариуцлагатай ухамсартай байх цаг ирсэн. Ковидоос зугтаж биш сөрж амьдрах цаг ирсэн.
Эдийн засгийн цусны эргэлт зогсчихоод байна. Төв банкинд хуримтлагдсан 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах төсөв мөнгө татварын бодлогыг уялдуулж ажиллахад анхаарна. Эдийн засгийг цаашид сэргээх тал дээр энэ Засгийн газар сайн ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.