Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг танилцуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
“Иргэд бүгдээрээ хүчээ нэгтгэж хямралыг давж гарна. Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөнд нэг их наяд 60 тэрбум төгрөг, энэ онд 720 тэрбум төгрөг төлөвлөж, нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Үүнээс 4.1 их наяд төгрөгийг улсын төсвөөс хоёр жилийн хугацаанд санхүүжүүлсэн. Байгаа бүх боломжоор хичээж зүтгэж, УИХ, Засгийн газар хамтарч ажиллалаа.
Энэ цаг үед 10 их наяд төгрөгийн, гурван жилийн хугацаатай, иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг танилцуулж байна. Гол зорилго нь хүчээ нэгтгэх юм. Төрийн үүрэг бол иргэд, аж ахуйн нэгжийнхээ орлого, амьжиргааг хамгаалах явдал. Хүн бүр дороо хичээж байж улс орноо өөд нь татна.
Ирэх гурван жилд улс орны эдийн засгийг сэргээх эрүүл мэндийг хамгаалах 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа нь улсын төсвийн нэг жилийн нийт хэмжээтэй тэнцүү их хэмжээний мөнгө. УИХ-аас цар тахалтай тэмцэх нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг баталсан. Нийт иргэдийн 37.8 хувь нь социологийн судалгаагаар халамж хавтгайрсан гэж үзсэн. Иймээс халамжаас бүтээмж рүү шилжье” хэмээн УИХ-ын дарга хэллээ.