Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга “Ганцаардлын яам”-ны сайдаар Тэцүши Сакамотог томиллоо. Өдгөө тэрбээр Бүс нутгийн хөгжлийн сайдын албыг хашдаг бөгөөд Японы нийгэм дэх ганцаардмал хүмүүсийн нийгмийн асуудлаарх яамны ажлыг давхар хариуцаж явахаар болж буй юм.
Японы Засгийн газарт ганцаардмал хүмүүс, тэдний нийгэм дэх орон зай, сэтгэлзүйн асуудлыг хариуцдаг сайдын албан тушаал анх удаа бий болсон нь энэ юм.
Тус улсад жил ирэх тусам төрөлт багасаж, хөгшрөлтөөс үүдэн хүн амын бууралт ажиглагдаж байна. Түүнчлэн ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудын дунд амиа хорлох асуудал аюулын хэмжээнд хүрсэн тул “Ганцаардлын яам”-ны сайд үүнд түлхүү анхаарч ажиллана хэмээн Японы ЗГХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдээллээ.
Түүний хэлж буйгаар Японы ганцаардмал хүмүүсийн асуудал цар тахлын үеэр улам даамжирсан байна. Японд өнгөрсөн 2020 онд амиа хорлосон хүмүүсийн тоо сүүлийн 11 жилийн түүхэнд анх удаа 20919-д хүрч өссөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цар тахлын үеэр ажлаа алдах эсвэл хүүхэд асрах, гэрийн ажил зэрэг нь үүнд нөлөөлжээ.
Иймээс Японы Засгийн газар ганцаардалтай тэмцэхэд онцгой анхаарахаа мэдэгдлээ. Цар тахлын дэгдэлт эхлэхтэй зэрэгцэн дэлхий дахинд ганцаардмал хүмүүсийн тоо нэмэгдэж, энэ нь сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалтай холбоотой болох тул зохих технологиуд удахгүй гарч ирнэ гэжээ.