Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр тусгаарлах байрнаас 56, тандалтаар хийсэн шинжилгээгээр 2 хүн нийтдээ 58 хүн коронавирусээр халдварласныг баталжээ.
“Нэг хаалга-нэг шинжилгээ” ажлын хүрээнд энэ сарын 11, 12, 13-нд нийтдээ 109 мянган өрхөөс шинжилгээ авахад 11 тохиолдол илэрсэн бөгөөд өмнөх өдрүүдийн тандалтын шинжилгээгээр илэрсэн 4 хүний гэр бүл болон ойрын хавьтлын 5 хүнээс халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт халдварын батлагдсан тохилдол 1513 боллоо гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” халдварын нийт бүртгэгдсэн тохиолдол 2351 болжээ. Өчигдөр 29 хүн эмчлэгдэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд эхний гурван өдрийн байдлаар, нийтдээ 109 мянга 68 хүнээс шинжилгээ авснаас нийт 6 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний ойрын хавьтлын 5 хүнээс илэрч нийтдээ 11 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.