ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж байгаа вэ?
– Шинжилгээ эхэлснээс хойших эхний долоо хоногийн хугацаанд 250 мянга орчин өрхийн шинжилгээг аваад байна. Үлдэж байгаа хугацаанд 160 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Төлөвлөсний дагуу шинжилгээгээ аваад хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг гэхэд нэгтгэсэн дүн гарч дуусна. Үүний дараа Засгийн газраас зарласан 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхний үе шат хэрэгжээд явах юм.
– Энэ сарын 23-наас бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан бизнес эрхлэгчид, ААН-үүд нэн тэргүүнд биелүүлэх шаардлагатай түгээмэл нөхцөл шаардлагуудыг хэлж өгнө үү?
– Энэ сарын 22-ны өглөө вакцины эхний татан авалтын онгоц газардана. Ингээд 23-наас дархлаажуулалтын ажил эхэлнэ. Эхний татан авалтаар 150 мянган хүн тун буюу нэг хүнд хоёр тунгаар тооцвол 75 мянган хүн тун вакцин ирж байгаа гэж ойлгож болно. Үүний дараа дараагийн вакцинууд шат дараатайгаар ирнэ. 75 мянган хүн тун вакцинаар эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг дархлаажуулна.
23-наас мөн ААН-үүд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээгээд явна. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд нийтлэг түр журмыг боловсруулаад танилцуулсан. Хоёрдугаар сарын 20-н гэхэд энэ журмыг дэлгэрэнгүй танилцуулна. Жишээлбэл, үзвэрийн танхимд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлан 30-50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж болохоор зааж байгаа. Фитнесс заал мөн үүнтэй адилхан.
13 төрлийн 57 үйл ажиллагаанаас хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байгаа. Бүх үйл ажиллагааг нэг дор нээхэд эрсдэлтэй. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслээд шат дараатайгаар нээнэ. 23-ны өдрөөс дийлэнх бизнесүүд нээгдэнэ.