2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр.
Их ажлын хажуугаар нэгэн хүндтэй
үүрэг хүлээсэн нь Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй
арга хэмжээнд явах байлаа.
Өглөөгүүр ажлаа амжуулчихаад зарласан цаг буюу 13.00 цагт Монголын Үндэсний
олон нийтийн телевизийн өмнө очтол хэн ч байсангүй. \”Би хожигдож” гэж бодсон
мөртлөө \”Монголчууд ямар цаг барих биш дээ” гэж өөрийгөө өмөөрч хэсэг утсаа
оролдож зогслоо. Харин энэ үеэр телевизийн байрнаас гарч ирсэн ах \”Сэтгүүлчдийн
эвлэлийн арга хэмжээнд явах гэж байна уу? Тийм бол намайг дагаад яв. Май үүнийг
барь” гэж хэлээд тугны хоёр суурь руу заагаад өөрөө урд орж алхалаа. Уг нь 14.00 цагт хөдлөх ёстой юм байна. Харин
дээр хэлсэнчлэн манайхан ямар цаг барих биш гээд 13.00 цаг гэж зарлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид цувсаар… Монцамэ, Үндэсний
телевиз, Монголын сайтын холбоо … гээд л нэрийг нь хэвлэлийн хуудаснаас уншиж,
дуу хоолой нь радио, дэлгэцний цаанаас л сонсч, үлгэр дууриалал авдаг ах эгч
нар маань ирсээр л. Би ч арай л хүндтэй арга хэмжээнд явахаар ирчихсэн үү
хэмээн багахан айдастай. Гэхдээ залуус ирсэн. Харин ч ёстой залуусаар дүүрэн
арга хэмжээ болсон юм шүү.
Бид хоёр автобустай Улаанбаатар хотоос гарч, байгалийн үзэсгэлэнт горхи
тэрэлжид байрлах \”Хос хад” хэмээх амралт жуулчны баазад очив. Хамт олноороо,
танил нөхдөөрөө гэж өрөөгөө хуваарилж авсаар. Уг нь холбооныхонтойгоо очсон ч
эмэгтэйчүүдтэй яаж нэг өрөөнд орох билээ гэж ичингүйрч зогссон намайг \”V” телевизийн цоглог
хоёр залуутай \”C5” гэх дурсамжит өрөөнд орууллаа.
Энэ өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүгд Найрамдах Солонгос улсын
Элчин сайдын яамтай хамтарч \”Монгол Солонгос анд нөхдийн спорт уулзалт” арга
хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ аж.
Спорт наадам гэхээр энд өрсөлдөөн болно. Гэтэл Монголын сэтгүүлчдийн
төлөөлөл 60 гаруй хүн, БНСУ-ын Элчин сайдын яамыг төлөөлж 10 гаруй хүн ирж. Ийм
харьцангуй нөхцөлд яаж ч өрсөлдөөний тухай ярих билээ. Тиймээс л хоёр орны анд
нөхдийн уулзалт гэдгийг зориудаар тодруулмаар байна гэж Элчин сайдын яамны
Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Гюн хэлж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн
Ерөнхийлөгч Б.Галаарид арга хэмжээг нээлээ.
Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Гюн. Түүний
Монгол нэрийг Шинээ буюу Шинэхүү гэнэ. Монгол Улсад 20 гаруй жил ажиллаж
байгаа. Тийм ч болохоор Монгол хэлээр тун эвлэгхэн, хошиг өнгө аяс
оруулж байгаад л ярих нь таатай. Бичгийн хүмүүст дуртай, тэднийг, тэдний
авьяасыг хайрладаг болохоо хэлэхэд сэтгүүлчид түүнд алга ташч хүндэтгэл
үзүүллээ.
Бидний хувьд ахмад гэж хүндлэгдэж байгаа ч Монголын хэвлэл мэдээллийн
салбарыг нуруун дээрээ үүрч яваа ах эгч нар маань үйл ажиллагааны талаарх
сэтгэгдлээ хуваалцаж, танилцах арга хэмжээ, хоёр орны хоолтой хамт зэрэгцэв. Солонгосчууд үнэхээр сэтгэл гаргаж хоол бэлтгэж иржээ. Эсвэл бид байнга
иддэг болоод хуушуур, бууз, хорхогоо үл тоов уу. Ямартай ч миний хувьд Солонгос
үндэсний хоол өнгөлөг, амтлаг, анхаарал татахуйц байж чадсан билээ.
Үүний дараа \”Солонгос орныг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээн
болж, үнэхээр азтай хоёр бүсгүй Бусан болон Инчон руу нисэх тийзээр шагнуулав.
Мөн караоке тэмцээн болж МҮОНРТ-ийн хөтлөгч н.Эрдэнэбаяр бидний мэдэхээр \”Тусгай
салаа” ОАУСК-ны Дэндэв маань түрүүлж, гарын бэлгээр шагнууллаа.
Мэдээж залуус л явсан юм хойно диско арга хэмжээг мартаж болохгүй. Ах эгч
нар маань хуучны дууг санагалзаж байсан ч залуус хөгжилдөж буйг зогсоохыг
хүссэнгүй. Тухайн үед бүжиглэж байсан залуус \”С5 ажиллагаа\”-г одоо ч дотроо
бодож, инээмсгэлэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
\”Монгол Солонгос анд нөхдийн спорт уулзалт”-ын
хоёр дахь өдөр.
Энэ өдөр бидний тэр холоос зорьж ирсэн нэг шалтгаан буюу сур харвах тэмцээн
болсон юм. Спорт уулзалтын гол зорилго нь Монгол үндэсний нум сум харвааны ёс
жаяг, түүх уламжлалыг таниулж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон ЭСЯ-ны
ажилтнуудын дунд халх сурын харвааны тэмцээн зохион байгуулах, хоёр ард түмний
үндэсний хувцас, хоолны соёлыг харилцан сурталчлахад оршиж байв.
Арга хэмжээнд оролцогчдыг найман баг болгож хооронд нь өрсөлдүүлсэн. Шууд л
нум бариад харваад байна гэж юу байхав. Монгол сурын \”Онч” холбооны
харваачид уригдан оролцож, Монгол сурын уламжлал дэг жаягтай танилцуулж, зөв
мэргэн харвах арга техникийг зааж сурган тэмцээнийг мэргэжлийн өндөр төвшинд
явуулсан юм.
Залуус бидэнд сурах зүйл олон байлаа. Зүгээр л сум тавьчихаад уухай
хашгирах бус энэ бүгд ёс жаягтай гэдгийг сурч мэдэхэд үнэхээр сайхан байсан.
Тэмцээн л болсон хойно нэг нь түрүүлж, нөгөө нь ялагдана. Бай шагнал нь ч өндөр
байсан. Монцамэ агентлагийн спортын сэтгүүлч Өлзий ах маань хамгийн мундаг нь
байлаа. Түүний харвасан сум бүр байндаа тусч байсан гэхэд буруудахгүй биз.
Залуус бид Өлзий ахыгаа харж, битүүхэн атаархаж, түүнээр бахархаж энэ сайхан
арга хэмжээг өндөрлүүллээ.
Хоёр өдрийн энэхүү арга хэмжээг эргээд санахад тэмцээн уралдаан байсангүй.
Харин инээд хөөр ихтэй, дараа нь дурсах
дурсамжтай, хоёр орны анд нөхдийн дулаахан уулзалт байлаа… Дараа жилийн наадмыг хүлээдэг шиг дараа жилийн \”уулзалт”-ыг
тэсэн ядан хүлээж байна.
Л.Тамир