Гадаад улсын харьяат этгээдэд хөдөө аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, түрээслүүлэхийг бүрмөсөн хориглож байгааг Казахстан улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өнөөдөр зарлажээ.
Орос, Хятадын хооронд орших өргөн уудам газар нутагтай Казахстан улс нь үр тариа, махны томоохон үйлдвэрлэгч юм. Таван жилийн өмнө тус улсын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хөдөө аж ахуйн зах зээлээ нээлттэй болгож байв.
Гэвч хөрш Хятад улсын хөрөнгө оруулагчид бүх газар, бэлчээрийг нь эзэмшихээс болгоомжилсон иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байжээ.
Эсэргүүцлийн улмаас Казахстаны засгийн газар уг төлөвлөгөөгөө энэ оныг хүртэл хойшлуулсан юм. Тэгвэл энэ шийдвэр байнгын болж байгааг Токаев өнөөдөр зарласан байна.
“Газар эзэмшил нь манай ард түмний хувьд маш чухал асуудал байсаар ирсэн. Энэ бол манай улс үндэстний тулгын чулуу юм. Хөдөө аж ахуйн газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд зарах, түрээслэхийг би хориглож байна. Уг хоригт гадаад хувь эзэмшигчтэй дотоодын аж ахуйн нэгжүүд ч багтана” гэж Токаев өнөөдөр зөвлөхүүдтэйгээ уулзахдаа мэдэгджээ.