ОХУ-ын Гадаад хэргийн яам Умард Солонгосоос гэр лүүгээ харьж яваа ЭСЯ-ны найман ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдийн зургийг нийтэлжээ. Тэдний энэ зураг Оросын нийгмийн сүлжээгээр багагүй шуугиан дэгдээсэн байна. Учир нь хилээр гарахын тулд тэд төмөр замаар түрдэг тэргээр явжээ.
“БНАСАУ-ын хил жил гаруйн хугацаанд хаалттай байгаа учраас дипломат ажилтнуудад маш урт зам туулах шаардлага гарлаа” хэмээн ОХУ-ын ГХЯ-наас мэдээлсэн байна. “Эхлээд галт тэргээр 32 цаг, дараа нь хил хүртэл автобусаар хоёр цаг, эцэст нь хамгийн хариуцлагатай зам болох Оросын тал руу явганаар орох хэсэг… Үүний тулд эртнээс тэрэг бэлдэж, төмөр зам дээр тавиад, дээр нь ачаа тээшээ тавьж, хүүхдүүдээ суулгаад замдаа гарах хэрэгтэй” гэжээ.
Уг тэрэг нь хөдөлгүүргүй, төмөр зам дээр тавьдаг энгийн нэг тавцан байсан бөгөөд нэг эрэгтэй түлхэж явсан байна. Тэр нь ОХУ-аас БНАСАУ-д суух элчин сайдын гуравдугаар нарийн бичгийн дарга Владислав Сорокин байжээ. Тэргэн дээр түүний гурван настай охин сууж явсан байна.
“Уг тэргийг төмөр замаар нэг км-ийн турш түрэх шаардлага гарсан. Хамгийн хариуцлагатай хэсэг бол Туманная голын гүүр байлаа. Эцэст нь Оросын хилийн Хасан боомтод ирсэн дээ” хэмээн Оросын ГХЯ-наас мэдээлжээ.
Хил дээр ирсэн иргэдээ автобусанд суулгаад Владивостокийн нисэх буудал руу хүргэсэн байна. ГХЯ энэхүү мэдээллээ #ГХЯ, #ОХУ, #БНАСАУ, #ИргэдээХаяхгүй гэх хаштагтайгаар оруулжээ.
Умард Солонгос коронавирусийн халдвартай холбоотойгоор өнгөрсөн оны эхэн үеэс хилээ хаасан юм. Цар тахлаас өмнө тэдний зорчсон замаар Пёньяан-Москва чиглэлийн галт тэрэг явж байжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр БНАСАУ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг зогсоон, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан талаар мэдээлсэн байна. Аравдугаар сард удирдагч Ким Жон Ун цэргийн сүрт жагсаалын үеэр БНАСАУ-д коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгджээ.