Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайн өргөтгөлийг санхүүжүүлэх шинэ зохицуулалт хийхээр тохиролцсон гэж Nikkei Asia мэдээллээ.
Манай улс Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг бөгөөд ногдол ашгаа 2032 оноос авч эхлэх хүлээлттэй байсан. Гэвч Рио Тинтогоос танилцуулсан шинэ төлөвлөгөөгөөр төслийн зардал 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэн 6.8 тэрбумд хүрсэн ба манай улс ногдол ашиг хүртэхгүй байх магадлалтай болсон юм.
Иймд Засгийн газар 2015 онд АНЭУ-ын Дубай хотноо байгуулсан далд уурхайг байгуулах санхүүжилтийн гэрээг цуцлах болсноо мэдэгдсэн. Хоёр тал олон долоо хоног хэлэлцсэний эцэст гэрээг цуцалж, шинээр байгуулахаар тохиролцоонд хүрч байгаа аж.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга, хэлэлцээрт оролцогчдын нэг Б.Солонгоо “Талууд гэрээг цуцалж шинээр байгуулахаар тохиролцож байна. Рио Тинто зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн” гэжээ.
Одоогийн гэрээнд хэрэв далд уурхайн бүтээн байгуулалтын өртөг нэмэгдвэл яах талаар зохицуулалт байхгүй учир гэрээнд өөрчлөлт оруулах бус шинээр байгуулах шаардлагатай байгаа аж.
Оюутолгойн бүтээн байгуулалт, ашиглалтын зардлыг одоогоор Рио Тинто дангаараа гаргаж, манай улсад олгосон зээлийнхээ хариуд ашгийг нь авч байна. 2015 онд байгуулсан гэрээний дагуу Монгол улс зээл төлөгдөж дуусах хүртэл зөвхөн Оюутолгойн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүртэж байгаа юм.