Шүүхийн шинэтгэлийг самралт гэж үздэг хүн бий. Самралт уу, шинэтгэл үү гэдгийг одоо ярих нь нэгэнт утгаа алджээ. Харин ийм санаархал бий гэдгийг л сануулсан хэрэг. Энэ үйл хэргийг самралт гэж ард түмнээс булаах нь хэдийн өнгөрч, шүүхийн шинэтгэлийг одоо зогсоох боломж өнгөрснийг Ерөнхийлөгч Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зочлохдоо хэлсэн үгэндээ онцгойлон дурьдав.
Шүүхийн шинэтгэлийн талаарх иргэдийн байр суурийг Ерөнхийлөгч \”Шүүхэд гарч байгаа олон өөрчлөлтийг иргэд ярьж байна. Архангай аймгийн малчин өвгөн уул уурхайн компанитай маргалдаж шүүхэд 9 удаа ялалт байгуулсан талаараа \”Шүүх шударга болжээ. Мөнгөтэй компанийн талд биш малчин миний талд шийдвэрээ гаргаж, эрхийг минь баталгаажууллаа” гэж ярьсан байсан. Мөнгөтэй, албан тушаалтай байдалд автдаг хандлага шүүхэд алга болж байгаа. Шүүгчид хариуцлагаа сайн ойлгож байгаагийн нэг хэлбэр энэ. Хуульд юу гэж бичсэн байна түүнийг биелүүлэхийг л шударга ёс гэж нэрлээд байгаа. Түүнийг хийдэг хүмүүс шүүгчид. Иргэдийн амьдралд хамгийн их тулгамдсан асуудал юу байна, юу таныг бухимдуулж байна гэж найман жилийн өмнө асуухад \”Шүүх, хууль хяналтын байгууллагын шударга бус байдал” гэж олонхи нь хариулдаг байсан. Одоо бол тийм жагсаалтын эхэнд шүүх гарч ирэхээ больсон. Энэ бол Монголын ард түмний нийтийн ололт юм. Монголын нэр хүнд өсөхөд шүүхийн шинэтгэл нөлөөтэй.Тиймээс Монгол Улс энэ амжилтаасаа цаашид ухрахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Малыг нь хувьчлаад өгчихсөн, эргүүлээд нэгдэл байгуулах боломжгүй гэдэгтэй адил хүн эрхээ мэдрээд, эдлээд эхлэхээр тэр амжилтаас буцах аргагүй болдог. Энэ утгаараа шүүхийн шинэтгэл буцах аргагүй” гэж тодотгоод авсан.
Шүүхийн шинэтгэлийн \”амт”-ыг ард түмэн дагнасан шүүх, шүүхийн ил тод, нээлттэй байдлаар, шүүгчийн хариуцлага, ёс зүй, ажилдаа хандаж байгаа чин сэтгэлээр, эвлэрүүлэн зуучлалаар мэдэрсэн.
Тиймээс шүүхийн шинэтгэлийг зогсоох гэсэн хүн шогчлон хэлбэл магадгүй чулуугаар шидүүлж ч мэдэхээр үе иржээ.
С.Наран
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2016.10.20