Тайландад очсон хүмүүс тусгаарлалтын хугацаа болох хоёр долоо хоногийг дарвуулт онгоцон дээр өнгөрүүлэх боломжтой болжээ. Тус улсын засгийн газраас энэ нь цар тахлын улмаас уналтад ороод байсан аялал жуулчлалын салбарыг сэргээхээс гадна дарвуулт онгоцны бизнест 2 тэрбум доллар авчирна гэж үзэж буй.
Дарвуулт онгоцонд ковидын шинжилгээ нь сөрөг гарсан жуулчид суух боломжтой ч тусгаарлалтын хугацаа нь дуустал буух боломжгүй аж. Дарвуулт завь тусдаа түрээслэх боломжгүй хүмүүст зориулж Пукет арлын эрэг орчмын жижиг аяллын хөлөг онгоцонд өрөө санал болгож байна.
Засгийн газрын уг хөтөлбөрт 100 дарвуулт онгоц хамрагдах аж. Жуулчдад биеийн дулаан болон даралт хэмжих, GPS тохируулгатай тусгай бугуйвч зүүх бөгөөд энэ нь эрэг рүү цагаасаа өмнө очих эсэхийг хянах юм байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард жуулчдыг татах бас нэгэн саналыг хэрэгжүүлж эхэлжээ. Жуулчид гольфын төвүүдэд тусгаарлагдах боломжтой болсон байна. Ихэвчлэн гольфын төвүүд хүн ам ихээр суурьшсан газруудаас хол оршдог бөгөөд тэндээ хувийн байшин хөлсөлж суух боломжтой нь тусгаарлагдахад тохиромжтой нөхцөл болжээ.
Аялал жуулчлал Тайландын иргэдийн гол орлогын эх үүсвэр бөгөөд нислэгүүдийг цуцалсан нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлжээ. Цар тахлаас өмнө Тайландад өдөрт 40-50 мянган хүн очдог байсан бол өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хилээ бүрэн хааж, аравдугаар сараас л бага багаар нээж эхэлжээ. Гэвч хоногт халдварын тохиолдол зуу зуугаараа нэмэгдсээр байгаа аж.