Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болжээ.
Учир нь Дани улсад тус вакциныг хийлгэсэн зарим хүний цус бүлэгнэж, нэг хүн нас барсан байна.
Европын эм бэлдмэлийн агентлагийн мэдэгдэлд тус вакцины гаж нөлөөллийн заалтад цусны бүлэгнэлийг дурдаагүй бөгөөд энэ вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа гэх шинж тэмдэг одоогоор алга байна гэжээ. Европт гуравдугаар сарын 10-ны байдлаар АстраЗенека тариулсан 5 сая шахам хүнээс тромбоэмболийн /судасны бөглөрөл/ 30 тохиолдол бүртгэгдсэн гэв. Вакцинаас шалтгаалж байгаа эсэхийг судлах энэ хугацаанд уг бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Данийн Эрүүл мэндийн газрын тэргүүн Сёрен Бромстрём “манай улс уг вакцинаас татгалзаагүй, түр хугацаанд зогсоож байна” гэдгийг онцолжээ.
Данийн эрх баригчид одоогоор хэчнээн хүнээс ийм гомдол ирснийг хэлээгүй ч тэдний мэдээлснээр англи вакцины хэрэглээг түр зогсоох хангалттай шалтгаан гэсэн байна. Тэд эхний судалгааны дүн гартал доод тал нь хоёр долоо хоног хэрэглэхгүй завсарлана гэжээ.
Данийн Эрүүл мэндийн удирдах газрын тэргүүн Сёрен Бромстрём “Данийн түүхэнд хамгийн өргөн хүрээний вакцинжуулалт явагдаж байна. Бидэнд байгаа бүхий л вакцин хэрэгтэй. Тиймээс тэдгээрийн нэгийг хэрэглэхээ зогсоох нь маш хүнд шийдвэр болоод байна” гэв. Тэрбээр манай улс уг вакцинаас татгалзаагүй, түр хугацаанд зогсоож байна гэдгийг онцолжээ.
Их Британийн Эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хяналтын удирдах газраас АстраЗенекагийн вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх ямар ч мэдээлэл байхгүй гэсэн байна. “Цусны бүлэгнэл жамаараа үүсэх магадлалтай, өргөн ч тархсан. Одоогоор Их Британи даяар 11 сая тун вакцин хэрэглээд байна” хэмээн тус байгууллагаас мэдээлж, хүн амыг хуваарийн дагуу вакцинд хамрагдахыг уриалжээ.
Эх сурвалж: ВВС