Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11183 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийлээ. Үүнээс 127 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний 126 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн нэг тохиолдол нь Архангай аймагт бүртгэгдээд байна. Тодруулбал, Улаанбаатараас Архангай аймагт очсон нэг иргэний шинжилгээнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 126 тохиолдлын дөрвийнх нь эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Бусад нь өмнө батлагдсан халдварын тохиолдлын ойрын хавьтал байна. Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа” гэв.
Түүнчлэн “Өнөөдрийн байдлаар нийт 1014 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 917 хүний биеийн байдал хөнгөн байна. Харин гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Халдварын тархалт эрчимтэй байх энэ үед хувь хүн нийгмийн харилцаагаа аль болох багасгах шаардлагатай байна” хэмээн тодотголоо.