Хятад гаралтай 76 настай Ши Сяожэн гэх эмэгтэй энэ сарын 17-ны өдөр АНУ-ын Сан-Франциско хотын төвд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч этгээдийн халдлагад өртсөн юм. Гэвч ази гаралтай эмэгтэй нүүр рүү нь цохисон дунд орчим насны цагаан арьс эрэгтэйн эсрэг өөрийгөө хамгаалахаар зодолдсон нь цахим орчинд түүний эр зоригийг алдаршуулсан билээ.
Коронавирусийн цар тахал Хятадад анх бүртгэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн АНУ төдийгүй дэлхийн хэмжээнд ази гаралтай иргэдийг үзэн ядах, тэднийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, халдах байдал маш их гарах болсон. Тухайлбал, Ази цагаачид харьцангуй ихтэй Сан-Франциско хотод зөвхөн 2020 оны байдлаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс улбаатай ази гаралтай америк иргэдийн эсрэг үйлдэх гэмт хэргийн гаралт 150 хувиар нэмэгдсэн байна.
Мөн ази иргэдийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг “Stop AAPI Hate” ашгийн бус байгууллагын мэдээлснээр 2020 оны гуравдугаар сарын 19-нөөс 2021 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд АНУ-д ази иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, тэдэнд халдсан 3795 тохиолдол бүртгэгджээ. Гэвч энэ нь зөвхөн мэдээлсэн тоо юм. Хамгийн сүүлд өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод зэвсэгт этгээд ази гаралтай иргэдийн ажиллуулдаг массажны газарт халдлага үйлдэж, найман хүн нас барсны дотор салоны ажилтан зургаан ази эмэгтэй байсан юм.
Гэрчүүдийн мэдээлснээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч этгээд гарцаар гарахаар гэрлэн дохио хүлээж байсан настай эмэгтэйг “хужаа” гэж доромжилж, нүүрэнд нь цохисон бөгөөд Ши Сяожэн өөрийгөө хамгаалж модон саваагаар зөрүүлж цохисон байна. Цагдаа нар халдлага үйлдэгч 39 настай Стивен Женкинс гэх этгээдийг нэн даруй саатуулсан бөгөөд тэрээр Ши Сяожэний биед халдахаасаа хэдхэн хормын өмнө 83 настай өөр нэг ази гаралтай эрэгтэйд халдсан болохыг тогтоосон байна.
Түүний гэр бүл Хятадын “Global Times” сонинд Ши Сяожэн гэмт этгээдэд цохиулсны улмаас нүүр болон хоёр нүд нь хавдаж, сэтгэл санааны хувьд ноцтой цочролд орсон гэж мэдээлсэн юм. Хятадын “Sina Weibo” сүлжээнд Ази гаралтай Америк эмээ өөрт нь халдсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид хариуг нь барьсан талаарх агуулга 1.4 тэрбум хандалт авсан байна.
Ши Сяожэны ач хүү болох Жон Чен эмээгийнхээ эрүүл мэндийн даатгалаас гарсан эмчилгээний зардлыг нөхөх зорилгоор “GoFundMe” платформд хандив цуглуулах аян эхлүүлсэн нь таван өдрийн дотор 916 мянган ам.доллар буюу бараг нэг сая орчим ам.доллар цугларчээ. Хандивын хэмжээ анх төлөвлөсөн 50 мянган ам.доллараас давсан тул Ши Сяожэн үлдсэн мөнгийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд зарцуулахаар шийдсэн байна.