Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, зэрэг Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхэд түлхүү анхаарал хандуулж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын 100 хоногт төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан судалгааны ажил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн \”Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулах, Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр ложистикийн төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах зэрэг ажлуудыг хийжээ.
Төмөр замын салбарт \”Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа \”Шивээхүрэн-Сэхэ”, \”Тавантолгой-Гашуунсухайт”, \”Хөөт-Бичигт”, \”Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам, Оюутолгойн салбар төмөр замын ажлуудыг барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, \”Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, \”Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Тэгвэл эндээс нэг зүйл ихээхэн анхаарал татаж байна. Нөгөө алдартай Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани \”Самсунг Си энд Ти” компани харилцан тохиролцсоны үндсэн дээр хүчингүй болгожээ. Тодруулбал гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж өнөөдрөөр дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат албан ёсоор зарлаж байна.
Тэрбээр \”Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, замыг үргэлжлүүлэн барих хүсэлт тавьсан боловч Самсунг Cи энд Tи компанийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас бид дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахын тулд уг гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо гэж үзсэн.
Гэрээгээ дүгнээд хоёр тал гэрээгээ өнөөдөр хүчингүй болголоо. Ямар нэгэн гомдол санал гараагүй. Энэ төмөр замыг \”Энержи Ресурс компани өөрөө ашиглалтад оруулаад 30 жилийн дараа улсад тодорхой хувийг нь өгөх нөхцөлтэй байсан. Уг компанийн боловсруулсан ТЭЗҮ-гээр энэ зам 1.1 тэрбум ам.доллараар босно” хэмээсэн юм.
Тэгвэл эндээс олон жил монголчуудыг талцуулж, шороо овоолсноос өөр юм хийгдээгүй гэгдэж, басхүү энэ төслийн эргэн тойрон дахь албаны хүмүүс хуулийн байгууллагад шалгагдаж, хоригдсон зэрэг нийгэмд бөөн дуулиан үүсгэсэн 267 километр төмөр замыг дараагийн ээлжид хэн хөрөнгө оруулж, бүтээн байгуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Нэгэнтээ \”Женко”-д булаалгасан төмөр замын төслөө \”Эм Си Эс” эргүүлэн авах уу, магадгүй урд хөршөөс авах сурагтай байгаа, хэдийн очоод гуйчихсан, парламентаар хэлэлцүүлнэ гэгдэж байгаа их мөнгө төмөр зам руу цутган орж ирэх үү гэдэг нь сонирхолтой бөгөөд цаг хугацаа харуулна.
Үүний зэрэгцээ энэ төмөр замын эргэн тойронд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс, тодруулбал \”Женко” Х.Баттулга нарын хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуултын хариултыг ч олон нийт хүлээж байна.
Магадгүй гэрээ байгуулсан хоёр тал харилцан тохиролцож цуцалсан тул \”Женко” нарын хэргийг шалгах ч шаардлагагүй болж, хаагдаж мэдэх юм.
Эх сурвалж: \”Өглөөний сонин\”