БНАСАУ-ын эрх баригчид пүрэв гарагт (2021.03.25) шинэ тактикийн, удирдлагатай пуужин туршсан гэж мэдэгджээ.
Хойд Солонгосын “Rodong Sinmun” хэвлэлд мэдээлснээр, 2.5 тонн цэнэгт хошуу тээх чадвартай шинэ пуужингууд 600 км зай туулж, Японы тэнгист заасан газарт унасан байна. Пуужин харвах ажиллагаанд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун биечлэн оролцоогүй байна.
Хойд Солонгос нэг долоо хоногийн дотор хоёр удаа пуужин харваад байна. Өнгөрсөн ням гарагт тус улс хоёр далавчит пуужинг Шар тэнгисийн зүгт харвасан бол пүрэв гарагт хоёр баллистик пуужинг Япон тэнгисийн чиглэлд харвасан билээ. Хойд Солонгос хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-нд баллистик пуужин туршиж байжээ. Японы Батлан хамгаалах яамны мэдээллээр, пүрэв гарагт туршсан баллистик пуужингууд 450 км зай туулж, 100 өндөрт хүрч, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэнэ. Харин БНСУ-ын цэргийнхэн хоёр пуужин 430 км зай туулж, 60 км өндөрт хүрсэн гэж мэдээлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор БНАСАУ-д баллистик пуужингийн технологитой холбоотой аливаа туршилт явуулахыг хориглодог.