Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан 15 мянга гаруй тохиолдол 50 муж улсад бүртгэгдээд байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ даваа гарагт мэдээлжээ.
Өмнөх хувилбаруудтай харьцуулахад илүү хурдан халдварладаг, илүү аминд халтай уг хувилбараар халдварласан хамгийн олон тохиолдол Флорида муж улсад /3191/ бүртгэгджээ. Тус муж улсын араас 1649 тохиолдол илэрсэн Мичиган жагсаж байна.
“CDC” өөр хоёр хувилбарыг анхааралтай ажиглаж буй нь Өмнөд Африкт анх илэрсэн “B.1.351”, Бразилд тархсан “P.1” юм. АНУ-д “B.1.351”-ээр халдварласан 374 тохиолдол 32 муж улс, Вашингтон хотод илэрсэн бол “P.1” халдварласан 289 тохиолдол 25 муж улсад бүртгэгджээ.
Эдгээр үзүүлэлт нь коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан сорьцуудад хийсэн нарийвчилсан шинжилгээгээр илэрсэн тоо тул АНУ-д тархсан коронавирусний хувилбаруудаар халдварласан нийт тохиолдлын тоог илэрхийлэхгүй гэдгийг “CDC” мэдэгдсэн байна.