МАН-аас мэдэгдэл гаргах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-т очиж үүрэг даалгавар өгсөн агуулгатай мэдээлэл хийсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан ЗХЖШ-аас тодруулга, мэдэгдэл гаргав.
-ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг: Зэвсэгт хүчин аливаа улс төрийн үйл ажиллагаанаас ангид байдаг. Энэ бол хуулийн зохицуулалтаар хийгдсэн юм. Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож олон нийтэд мэдээ мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг Зэвсэгт хүчиндээ итгэх иргэд олон нийтийн итгэлийг алдагдуулах цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, гаднын улсуудын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлээд байна.
Улс төрийн зарим зөрчилдөө Зэвсэгт хүчнийг оролцуулж, улс төрийн үйл ажиллагаа, хямралдаа цэрэг арми татан оруулснаар иргэний дайнд хүргэж улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд зөндөө байна. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.
2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын ёс зүйн дэд хороонд Зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн байгаа. Энэ бол сайшаалтай хэрэг. Ард түмнээс сонгогдсон гишүүдийг бид хүндэтгэж явдаг. Гэхдээ Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж улс эх орны аюулгүй байдлыг хангах энэ тогтолцоог гажуудуулах асуудал гарсан гэж үзэж байгаа. Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй, эх орон төр ард түмэндээ өргөсөн тангарагтаа бид үнэнч байна.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн нь үнэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн юм. Үүнд, цэргийн албыг сайжруулах зорилгоор гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Мөн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана тэмдэглэх боломжтойг хэлэлцсэн юм. Гэтэл өчигдөр орой МАН-аас мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байна” гэлээ.