Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн ахлах ахлагч цолтой Б.Б хилийн харуулын ээлжээс буугаад буцаж явахдаа амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг осгосноос болсон гэж урьдчилсан байдлаар үзэж буй гэнэ.
Түүнтэй хамт хошууч Л, жолооч С, аж ахуйн дарга, ахлагч Ц.Б нар ээлж хүлээлцүүлээд явсан бөгөөд буцах замдаа батлагдсан маршрутаас гарч хилийн харуулаас буусан талийгаач Б.Б-гийн найзындаа очиж сархад хүртсэн аж. Тэндээсээ цааш явах замдаа машиныхаа түлхүүрийг ололгүй хээр хоноцгоосон гэнэ. Өглөө нэг хэсэг нь хилийн цэргийн салбарын байр луу алхсан бол, гурав нь үлджээ. Улмаар талийгаач Б.Б ганцаараа алхаж, үлдсэн хоёр нь нутгийн айл бараадсан байна. Ингээд Б.Б-г анги, салбартаа очоогүй учраас эрэн хайх ажиллагаа явуулж, энэ сарын 1-2-нд шилжих шөнө хээр осгосон байхад нь олжээ. Түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн боловч үр дүнд хүрэлгүй нас барсан гэнэ.
Орон нутгийн хууль хяналтын болон хил хамгаалах байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ийм харамсалтай явдал болсон нь үнэн” гэсэн юм.